Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Өрсөлддөг биш хамтардаг бизнес
2017.08.16, лхагва     2681

Логистикийн салбарын бизнесийн онцлог нь эдийн засгийн цар хүрээг ихээхэн шаарддаг бөгөөд зах зээлд нийлүүлж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээний чанар болоод үнэ нь тээвэрлэж байгаа ачааны хэмжээнээс ихээхэн шалтгаалдаг. Тиймээс дэлхий дахинд энэхүү салбарт өрсөлдөж буй томоохон тоглогчид сүүлийн жилүүдэд эрчимтэйгээр хамтрах, нэгдэн нийлэх замаар зах зээлд эзлэх хувиа өсгөхөөс гадна ашигт ажиллагаагаа нэмэгдүүлэх хандлагатай болоод байна.

Дэлхийн хамгийн том чингэлэг тээврийн компани AP Maersk саяхан Герман улсын Oetker Group-ийн эзэмшилд байсан Hamburg Süd чингэлэг тээврийн компанийг 4 тэрбум ам доллараар худалдан авсан бол Хятад улсын хоёр том чингэлэг тээврийн компани болох China Shipping Container Lines, COSCO хоёр China's COSCO Shipping Line Holdings нэрийн доор нэгдсэнийхээ дараа дэлхийн долоо дахь том чингэлэг тээврийн компани болох OOCL-ийг эзэмшдэг Orient Overseas International Lines (OOIL) компанийн Хонгонгийн биржид гаргасан бүх хувьцааг 6.3 тэрбум ам доллараар худалдан авах санал тавиад байна. Үүний өмнө 1872 онд байгуулагдсан Латин Америкийн хамгийн ахмад буюу чингэлэг тээврийн хамгийн том нь болох CSAV компанийг Hapag-Lloyd өөртөө нэгтгэж, Францын CMA-CGM, NOL/APL-ийг худалдаж авсан. Үүний дараахан энэ салбарт сүүлийн 30 жилийн туршид тохиолдсон хамгийн эмгэнэлт явдал болох өмнөд Солонгосын Hanjin Shipping Line дампуурлаа зарласан. Мөн ашиг орлого нь эрс буурсан Японы гурван том чингэлэг тээврийн компани Kawasaki Kisen Kaisha (K-Line), Mitsui O.S.K. (MOL) болон Nippon Yusen Kabushiki Kaisha (NYK) 2018 оноос нэгдэн Ocean Network Express нэрийн доор үйл ажиллагаа явуулахаа зарлалаа.

Ийнхүү хамгийн том чингэлэг тээврийн компаниуд нэгдэн нийлэх замаар зах зээлд эзлэх хувиа 45-57 орчим хувь болгон өөрчилж, чингэлэг тээврийн салбар дэлхийн эдийн засгийн нэгдэн нийлэх хандлагыг тэргүүлж байна.

Өмнөд Солонгосын чингэлэг тээврийн 14 компани хамтран ажиллах “Солонгосын Далайн тээвэрлэгчдийн Түншлэл” (KSP) -ийг байгуулах “Харилцан Ойлголцолын Санамж” бичиг зураад байна. Hanjin Shipping-ийн дампуурлын дараа үндэсний далайн тээврийн компаниудыг зах зээл дээр өрсөлдөхүйц байлгах зорилготой уг байгууллага ирэх оноос ажиллаж эхлэх бөгөөд Солонгосын хамгийн том чингэлэг тээврийн компани болох Hyundai Merchant Marine (HMM) эгнээнд нь багтсан энэ байгууллага хөлөг онгоцнуудын хүчин чадал, шинэ замнал болон терминалуудын ашиглалтыг хамтран удирдах ажлыг зохион байгуулах юм. Энэ байгууллагын гишүүнээр Sinokor Merchant Marine, Korea Marine Transport болон Heung-A Shipping зэрэг багтаж байгаа бөгөөд HMM аль хэдийн Sinokor Merchant Marine болон Heung-A Shipping компаниудтай ирэх оноос хамтарч ажиллахаар тохиролцсон байна. Sinokor Merchant Marine Өмнөд Солонгос болон Хятадын хооронд хийгддэг тээвэрт мэргэжсэн байдаг бол Heung-A Shipping Японы ачаа тээвэрт төвлөрдөг. 

Эх сурвалж: www.bbc.com, www.bloomberg.com болон бусад олон улсын мэдээний агентлагуудаас нэгтгэв.




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн