Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Таны мэдлэгт: Поддон /Pallet/-н тухай:
2016 оны 8-р сарын 15. Даваа гариг.     2536

Интернэт, логистикийн уян хатан үйлчилгээний хөгжил нь хүн болгонд олон улсын зах зээлд өөрийн барааг гаргах, олон улсын зах зээлээс өөрт хэрэгтэй бараа, бүтээгдэхүүн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлээд байна. Олон улсын бараа эргэлтийн сүлжээнд нэвтрэн орж багахан ч гэсэн ашгийг өөртөө бий болгохыг зорьж буй хүн бүрт тээвэр, логистикийн суурь мэдлэгүүд шаардлагатай болоод байна. Тиймээс бид энэ удаад та бүхэнд паллетын талаар товчхон танилцуулья.

Ачааг чингэлэг, вагон, автомашин мөн агаараар тээвэрлэхэд салж гээгдэх, эвдэрч хэмхрэхээс хамгаалах зорилгоор модон тавцан /pallet – паллет /-д бэхлэдэг. Паллетыг 20-р зуунаас тээвэрт өргөнөөр ашиглаж эхэлсэн гэж үздэг ч хаанахын хэн анх ашиглаж байсан нь тодорхойгүй байна. Паллетанд бэхэлсэн ачааг авто ачигч болон кранаар өргөх, буулгах, давхарлан хураах гэх мэт тээврийн бусад үйл ажиллагаанд ашиглахад илүү хялбар болж өгдөг.

Модон тавцан буюу паллет нь хаана ямар улсаас гаралтайгаасаа шалтгаалан хэд хэдэн төрлийн стандарт хэмжээтэй байдаг. Үүнээс Монгол улс руу хийгдэх тээвэрт хамгийн ихээр ашиглагддаг доорх төрлийн паллетын хэмжээг хүргүүлье. Үүнд:

  1. Стандарт паллет: 120см (урт) * 100см (өргөн) * 11.4см (зузаан) ба FIN гэсэн бичиг хөлөнд нь түлж бичсэн байдаг. Дээд хэсэг нь 7ш, доод хэсэг нь 3ш банзнаас бүрдэнэ.
  2. Евро паллет: Европын холбооны улсуудаас хийгддэг тээвэрт нийтлэг ашигладаг . 120см (урт) * 80см (өргөн) * 11.4см (зузаан) ба EUR гэсэн тэмдэглэгээ хөлөнд нь түлж бичсэн байдаг. Дээд хэсэг нь 5ш, доод хэсэг нь 3ш банзнаас бүрдэнэ.

Одоогоор чингэлэгийн тээвэрт 1 паллет ачаанд 1000кг хүртэл ачааг бэхлэх боломжтой байдаг бол автын тээвэрт 1 паллетэд 600кг хүртэл ачааг дамнуулан ачиж, бэхлэхийг зөвшөөрч байна. Дээр дурдсанчлан паллетыг голлон модоор хийдэг байсан бол сүүлийн үеийн материалын хөгжилтэй холбоотойгоор хуванцар паллетуудын эзлэх орон зай тасралтгүй нэмэгдсээр байна. Хуванцар паллетыг голлон шинэ HDPE (High-density polyethylene) болон хаягдал хуванцар сав буюу PET (Polyethylene terephthalate) зэргээр үйлдвэрлэж байгаа бөгөөд маш бат бүх болдог тул 100 болон түүнээс дээш тээвэрт ашиглагдах боломжтой болсон байна.

*********

Тээвэрт ашигласан модон паллетаар маш олон төрлийн интериер дизайны өвөрмөц шийдлүүдийг бий болгож болдог ба та бүхэн энд дарж сонирхох боломжтой.

 




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн